
Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар Төсөл
Хэрэгжих хугацаа: 2003 оны 9-р сарын 17-ноос 2011 оны 6 сарын 30 хүртэл
АНУ-ын ОУХА-тай хийсэн гэрээний дугаар: 438-C-00-03-00021-00
Yйл ажиллагааны зорилго
Хувийн хэвшлийн өсөлтийг хангах таатай орчныг төлөвшүүлж, илүү өрсөлдөх чадвартай салбар, үйлдвэрлэлийг бий болгох замаар хувийн хэвшлийн тэргүүлэх үүрэг бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хурдасгах, өргөжүүлэхэд оршино.
Төслийн зорилт
1. Монгол улсад хийгдэж буй бодлогын шинэтгэлийг хурдасган гүнзгийрүүлэх
2. Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
Төслийн хэтийн зорилт:
Дэлхийн эдийн засагт Монгол улсын оролцох өрсөлдөх чадвар бүхий оролцоог дэмжих
Төслийн стратеги:
- Тогтвортой, эрх тэгш эдийн засгийн өсөлтийг хангахуйц зах зээлийн баримжаатай макро эдийн засгийн, худалдаа хөрөнгө оруулалтын, салбарын болон микро эдийн засгийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх
- Өрсөлдөөнийг дэмжсэн, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн шилдэг туршлагыг дэмжих бизнесийн орчин, зохицуулалтын механизм бий болгох
- ”Зорилтот” экспорт мөн дотоодын ”ниче” зах зээлийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн харьцангуй давуу талыг өрсөлдөх давуу тал болгох чадвартай хувийн бизнесүүдийг дэмжих
- Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, сайн засаглал, бизнесийн тэргүүн туршлагад түшиглэн, “Монгол улсыг дэлхийн газрын зураг дээр тавих” асуудлаар үндэсний хэмжээнд зөвшилцөл бий болгох яриа хэлцлийг үргэлжлүүлэх
Нөхцөл байдал ба шийдэл Шилжилтийн эдийн засагтай улс орнууд болон нэг хүнд ногдох ДНБ-ээр доогуур ордог улс орнуудын дотор Монгол Улс ардчилсан, зах зээлийн нээлттэй эдийн засгийн үндэс суурийг тавих талаар чухал амжилтад хүрээд байна. 1989 онд ЗХУ задарсанаас хойш Монгол Улс эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж, төрөөс хараат эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эдүгээ ДНБ-ий 70 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Ардчилал руу шилжих хүнд үеийг даван туулсан Монгол Улс одоо дэлхийн эдийн засагт өөрийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, далайцтай, эрх тэгш, хувийн хэвшил давамгайлсан эдийн засгийн өсөлтийг хангахын тулд эдийн засгийн бодлогын шинэтгэлийн арга хэмжээний хоёрдахь үе шатыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай болж байна. ЭЗБШӨЧ төсөл нь дараахь чиглэлд гаргаж буй Монгол улсын хүчин чармайлтад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Үүнд:
- Эдийн засаг, худалдааны бодлого:
(а) эдийн засаг, худалдааны бодлогыг хэрэгжүүлэх орчинг сайжруулах; (б) макроэдийн засгийн зохистой бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; (в) бодлого боловсруулах үйл явц, бүтцийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
- Эрчим хүчний салбарын шинэчлэл:
ЭЗБШӨЧ төсөл нь хэрэглэгчдэд эрчим хүчний үйлчилгээг өрсөлдөөнтэй, үр ашигтай байдлаар хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ил тод, зах зээлийн чиг баримжаатай зохицуулалтын орчныг хөгжүүлж төлөвшүүлэх; эрчим хүч үйлдвэрлэх ба түгээх үйл ажиллагаанд арилжааны туршлагыг нэвтрүүлэх; гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бий болгох талаар Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг хөхиүлэн дэмжих.
- Бизнесийн өрсөлдөх чадвар:
ЭЗБШӨЧ төсөл нь а) эрх зүй, зохицуулалтын болон бизнес санхүүгийн орчныг бий болгож бэхжүүлэх; б) хувийн компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; в) улсын болон салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тулгарч буй саад тотгорыг арилгах талаар компани, байгууллагуудын бүлгүүдтэй хамтран ажиллах.
- Зөвшилцөл, олон нийтийн боловсрол, үндэсний хэлэлцүүлэг:
ЭЗБШӨЧ төсөл нь: а) эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын асуудлаар үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах; б) мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах стандартыг сайжруулж боловсруулах; в) бизнесийн орчинтой холбоотой асуудлуудыг бодлогын шинэтгэл, хувийн хэвшил давамгайлсан эдийн засгийн өсөлттэй уялдуулах үүднээс олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, иргэдийн оролцоог хангах механизм, арга замыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
2008 оны 8 дугаар сарын байдлаар дараахь үр дүнд хүрээд байна. Үүнд:
- Татварын тухай шинэ хуулиуд:
Өрсөлдөх чадварт суурилсан татварын шинэтгэлийн зорилтуудыг тодорхойлох, хуулиудын төслийн загварыг боловсруулах, татварын өөрчлөлттэй холбоотой янз бүрийн хувилбаруудын эдийн засаг, төсөвт үзүүлэх үр нөлөөг судлах, туслалцаа үзүүлэх зорилгоор Сангийн Яам, Үндэсний Татварын Ерөнхий Газар, УИХ-ын холбогдох байнгын хороод, хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, саналын түвшинд явуулсан хэлэлцүүлэг болон олон нийтийн боловсролыг дээшлүүлэх кампанит ажилд олон нийтийг татан оролцуулж ажиллав. Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, онцгой албан татварын тухай шинэ хуулиуд 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус тус хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
- Дэлхийн эдийн засгийн форумын Өсөлтийн өрсөлдөх чадварын индекст эзлэх Монгол Улсын зэрэглэл:
Дэлхийн эдийн засгийн форумын Үндэсний түнш байгууллага болж ажилласнаар 2005 онд Монгол Улсыг анх удаа энэхүү судалгаанд хамруулав.
- Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонхны болон транзит тээврийн үндэсний хөтөлбөрүүд:
Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонхны болон транзит тээвэр, ложистикийн өрсөлдөх чадварыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахад төрийн холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, хувийн хэвшлийн оролцогч талуудад дэмжлэг туслалцаа үзүүлэв; эдгээр хөтөлбөрүүд хэрэгжилтийн шатандаа явж байна.
- Мортгейжийн хоёрдогч зах зээлийн хөгжил:
Монголын Ипотекийн Корпораци (МИК)-ийг үүсгэн байгуулж, дүрмийн санг нь бүрдүүлж, нэмэгдүүлэхэд арилжааны 10 банк болон Монгол Банк-нд туслалцаа үзүүллээ. Мортгейж, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, журмыг боловсруулахад Санхүүгийн зохицуулах хороо болон ажлын хэсэгт туслалцаа үзүүлж, мөн ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, зохицуулахад Монгол банкны гүйцэтгэх үүрэг, баримтлах бодлогыг тодорхойлох чиглэлээр зөвлөгөө өгсөн болно.
- Хувийн хэвшлийн Зээлийн мэдээллийн сан:
Хувийн хэвшил давамгайлсан зээлийн мэдээллийн сан (ЗМС) байгуулах эрх зүйн орчинг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулав; ОУСК-ийн дэмжлэгтэйгээр ЗМС-г шинээр байгуулах чиглэлд Монголын Банкуудын Холбоотой хамтран ажиллаж байна.
- Үндэсний хэмжээнд явуулсан албан бус эдийн засгийн судалгаа:
Үндэсний Статистикийн Газар, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран 19,000 өрхийг хамарсан сүүдрийн буюу албан бус эдийн засгийн үндэсний хэмжээний судалгааг хийж дуусгав.
- Аялал жуулчлал:
Хойд Америк, Европын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсыг аялал жуулчлалын зорчих улс болгох талаар амжилттай сурталчлав; одоогоор Японы зах зээлд Монгол улсыг сурталчлах ажиллагаанд оролцож байна.
- Зах зээлд гарах гарцын хөтөлбөр:
Ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд нэмүү өртөг шингэсэн олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бололцоог нээх, зах зээлийн зохих шаардлага шалгууруудыг хангах чиглэлд туслалцаа үзүүллээ.
- Эрчим хүчний зохицуулалт:
Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын стандартад (ОУНББТС) нийцсэн Дансны нэгдсэн жагсаалтыг (ДНЖ) боловсруулж, нэвтрүүлсэн; Эрчим хүчний зохицуулах газарт аудитын нэгж байгуулах, олон нийтийн хэлэлцүүлгийн журам боловсруулах, ЭХЗГ-аас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гүйцэтгэлийн гэрээг байгуулах, хэрэгжилтийг хянах, тарифыг шинэчлэн тогтоох асуудлаар дэмжлэг туслалцаа үзүүлэв; Бодлогын тэргүүлэх чиглэлийн асуудлуудаар зөвшилцөлд хүрэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, тэдгээрийн үйл ажиллагаа, зохицуулалтыг сайжруулах зорилгоор Засгийн газрын яамд буюу хувьцаа эзэмшигчид, салбарын зохицуулах байгууллага болон олон улсын хандивлагчдыг оролцуулсан ажлын хэсгийн сар бүрийн уулзалтыг санаачиллаа.
- Үндэсний радио, телевизийн “Нээлттэй ярилцлага”:
Иргэдийн зүгээс эдийн засгийн бодлого, татвар, орон сууцны санхүүжилт, төмөр замын тээвэр, ложистикийн үйлчилгээний талаар шийдвэр гаргах түвшний төрийн түшээд, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудтай үндэсний телевиз, радиогоор дамжуулан, интернэт, суурин холбоо, гар утас, мессежээр шууд харилцах боломж бүхий үндэсний радио, телевизийн Нээлттэй ярилцлага хөтөлбөрийг төлөвлөж, зохион байгуулав.
|